Ирээдүйн чамдаа,
Бид хараахан учраагүй, учирсан ч таниагүй зөрөлдчихсөн байж мэднэ. Эсвэл бид хэзээ ч учрахгүй байж болох. Аль нь ч байсан чамайг хайрладаг гэдгээ хэлэх гэсэн юм. Хорвоо ертөнцийн хаа нэгтээ зөвхөн надад зориулсан чи минь оршиж л байх нь надад сайхан. Чи жазз сонсдог уу? Би чамд хамгаас эрхэм Билл Эванс болон түүний нөхдийн пянзыг тоглуулангаа бүжиж өгөх сөн. Эсвэл хайрын дөрвөн мөрт уншиж өгөнгөө зөвхөн чамайг л мөрөөдөн хүлээдэг байсан тухайгаа ичингүйрэн ярьж өгнө. Анхны бүхнээ чамдаа л өгмөөр тийм ариун хайраар чамайг хайрлах болно. Үүр цайтал энгэрт чинь тэврүүлэнгээ хувь тавилан биднийг эртхэн учруулаагүйд харамсаж гомдох байсан биз. Үдэш бүр унтаж буй төрхийг чинь харахдаа чамайг би, намайг чи хайрлаж байгаад итгэж чадахгүй бяцхан зүрх минь цээжнээсээ гарчих гээд, нисээд явчих гээд амьсгаагаа даран хэвтэх байсандаа. Ингэж бодон суухдаа хэрхэн ганцаардаж буйгаа, хэрхэн чамайг олох тухай мөрөөдөн зүүдэлдгээ гээд л ярих зүйл ихтэй. Харин чи минь юу хийж байгаа бол. Ажил амьдрал гээд хайрыг бодох ч сөхөөгүй гүйж яваа болов уу. Аа аль эсвэл хайртай нэгнээсээ хагацчихаад зүрх чинь эмтэрчихсэн яваа юм уу? Үгүй гэвэл над шиг л мөрөөдөж суугаагаас гарцаагүй. Хоёулаа биесээ олоосой, тааралдвал таниасай л гэж хүсэх сэн. Олохоороо би энэ бичвэрээ гаргаж ирээд “Чамд л хадгалж байсан юм. Одоо чинийх.” гээд догдлон байж уншиж өгнө. Би чамаасаа их зүйл хүсэхгүй ээ. Үнэнч хайр чинь л байхад би дэлхийн хамгийн баян нэгэн шүү дээ. Харин би чамд бүхнээ, өөрийн амиа ч өгчхөж чадна аа. Учрах хүртэл бидэнд хэр их хугацаа байгааг мэдэхгүй ч тэр хүртэл чи минь эрүүл, аз жаргалтай байгаарай гэж хүсэхээс өөр юу хийж чадах вэ би…